Zurgaadai Team is on the news.

Zurgaadai Team is on the news.

Дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагчид өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн аян эхлүүлэн төсөл хөтөлбөр боловсруулж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ном хэвлүүлэн бэлэглэжээ. Тэд бол Улаанбаатар дахь Америк сургуулийн сурагчид юм. А.Энх-Ингүүн, Ц.Хүслэн, Э.Мишээл, Д.Цэцэнбилэг нар сайн дурын сайн үйлс хийх зорилгоор “Зургаадай” хэмээх баг байгуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан, сайн үйлсийн аяныг эхлүүлэн эхний төслөө амжилттай хийгээд байгаа юм. Тэд “Зургаадай” хэмээх нэрийг багтаа өгсөн учрыг тайлбарлахдаа “Хүний таван мэдрэхүй дээр зөн совинг нэмэн зургаа гэж тооцдог. Гэтэл  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ мэдрэхүйн аль нэг нь хүндрэлтэй байдаг учир түүнийг нь нөхөж өгье, эерэг байдлыг бий болгох үүднээс энэ нэрийг сонгосон” хэмээж байв.

Харааны бэрхшээлтэй иргэдэд тусалсан түүх

Тэд Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт дутмаг байдаг гэдгийг олж харан тэр ойлголтыг бүтэн болгох үүднээс төсөл санаачлан хйиж байгаа гэлээ. Харааны бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахад хөгжингүй орнуудынх шиг хонх дуугарч дуут дохио өгдөг байгаасай гэж тэд хүсдэг. Мөн автобусанд суухад тэдэнд зориулсан налуу шат байдаг байгаасай гэж мөрөөддөг гэв. 

“Хүн бүр боловсрол хүртэх эрхтэй”. Энэ бол тэдний уриа.  Тиймээс ч  хамгийн анхны төслөө боловсролын хүрээнд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан унших ном хомс байдаг учир харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан үлгэрийн номыг барейль үсгээр хэвлүүлэн бэлэглэсэн байна. Хүмүүс номын дэлгүүрээс хүссэн номоо аваад уншдаг ч харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тийм боломж байхгүй. Тиймээс хүүхдэд зориулсан зохиолын 26 номыг барейль үсгээр хэвлүүлэн 116 дугаар тусгай сургуульд хандивлаж, ертөнцийг харах боломжгүй тэдэнд номоор дамжуулан багахан ч болов гэрэл гэгээ өгөхийг хүсчээ. Энэ нь ч маш амжилттай болж, сургуулийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж магтаж байсан нь сурагчдад илүү ихийг хийх хүсэл зориг өгсөн гэдэг.

Харин тэдний дараагийн төсөл ном бичих. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар бэрхшээл зовлон байдаг вэ, хэрхэн шийдэгдээсэй гэж хүсч байгааг энэхүү номоороо хүргэх юм. Ингэхдээ тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй биечлэн уулзаж ярилцан, тэдний өдөр тутмын хийдэг зүйлс, нийгэмд тэдэнд хэрэгцээтэй зүйл юу байна вэ, тэдэнд ямар бэрхшээл тулгардаг зэргийг асууж ярилцлага авч, ном болгон олонд хүргэх аж.

Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харьцаж, хамтран ажиллах вэ, бидний зүгээс хэрхэн туслах боломжтой вэ. Бидний өгсөн тус тэднийг амьдрахад яаж хялбар болгох вэ гэдэг үүднээс бусдад тэднийг таниулах зорилготой. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр суралцах, ажиллах чадвар дээрээ ямар нэг байдлаар дутмаг биш. Зүгээр л арай   өөрөөр сурч ажилладаг гэж үздэг. Тиймээс бусад хүн ч тэдэн шиг үзэл бодолтой байхыг хүсч тийм бодолтой болгохын төлөө энэхүү төслийг эхлүүлсэн гэлээ. 

Ном хэвлүүлэх санхүүгээ босгосон түүх

Мэдээж барейль ном хэвлүүлэх,  ном бичих зэрэгт санхүү мөнгөний асуудал тулгарна. Энэ нь 12 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд том асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Тэдний санхүү босгосон түүх их сонин. Өөрсдийн байгуулсан “Зургаадай” багаараа дамжуулан хандивийн аян өрнүүлэн 320 мянган төгрөг цуглуулж, багийн нэг гишүүн нь 500 мянган төгрөг хандивласнаар тэд үлгэрийн номонд барейль наалгахад 420 мянган төгрөгийг зарцуулж үлдсэн хуримтлалаа дараагийн төсөлдөө хэрэглэхээр хадгалжээ. Багийн гишүүн Э.Мишээл зуны сургалтдаа тэтгэлэг аван суралцсан бөгөөд тэрбээр энэ талаар ярихдаа “Би “Томуужин” сургалтын төвд зуны сургалтад суухдаа надад тэтгэлэг олговол би тэтгэлэг авсан мөнгөө сайн үйлсийн аянд зарцуулах болно гэсэн. Тэгэхэд сургалтын төвөөс надад нэг сая төгрөгийн тэтгэлэг өгсөн. Тэгээд тэтгэлэг авсан нэг сая төгрөгийнхөө 500 мянгыг нь барейль номын хэвлэлтийн зардалд хандивласан. Үлдсэн 500 мянган төгрөгийг нь энэхүү номынхоо хэвлэлтэд зарцуулна. Ном бичиж хэвлүүлэхэд үүнээс ч их мөнгө хэрэгтэй тийм учраас бидний хийж буй ажлыг дэмжин хандив өргөхийг уриалж байна” гэж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахыг зорилгоо болгосон 12 дугаар ангийн сурагчид хэн нэгний хандив тусламж өгөхийг харж суухыг хүссэнгүй өөрсдөө  хөдөлмөрлөж мөнгө олох аргыг эрэлхийлэн сургууль дээрээ “Big sale” арга хэмжээг зохиодог. Нарийн боовыг сургуулийнхаа сурагчдад зарж мөнгө олдог байна. Мөн тоглоом хийх гэж гурав дөрвөн удаа туршиж үзсэн ч сайн хийж чадахгүй байгаа гэж байлаа. Тиймээс тэдэнд тоглоом хийх аргыг заагаад, туслахыг хүссэн хүн бүхнийг баярлан угтана гэдгээ ч хэлсэн юм. Учир нь тэд тоглоом хийгээд сурчихвал сүлжээ дэлгүүрүүдээр зарж мөнгө олох хүсэлтэй.

Тэд төгсөх ангийн сурагчид учир хичээл ном гээд зав зай хомс байдаг ч төслөө эрт эхлүүлж, цаг заваа зохицуулаад ажиллаж байгаа аж.  Харин эцэг, эх багш нар нь тэдний хамгийн том дэмжигчид нь бөгөөд “хийх ёстой зүйлээ л хий, ар гэр гэж санаа зовох хэрэггүй” гэдэг гэж байлаа. Тиймээс тэд тусалж дэмждэг аав, ээж, багш, найз нөхөддөө маш их баярлалаа хэмээн яриагаа төгсгөсөн юм.

Published on: 2019/03/18